ЖДҮХС-ГААС ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАХИМ СИСТЕМД 1198 АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГҮҮЛСНЭЭС 709 АЖ АХУЙН НЭГЖИЙН 104,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ АМЖИЛТТАЙ БАТАЛГААЖСАН БАЙНА.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаалаар зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 29,0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 24-өөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Төсөл хүлээн авах цахим системд нийт 1198 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 709 аж ахуйн нэгжийн 104,9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 213 аж ахуйн нэгжийн 41,1 тэрбум төгрөг, 21 аймагт нийт 496 аж ахуйн нэгжийн 63,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ирүүлсэн байна.
ХХААХҮ-ийн сайдын А/26 дугаар тушаалаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс:
Орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх,
Ажлын байр нэмэгдүүлэх,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо” -нд,
А/27 дугаар тушаалаар УИХ-ын 2022 оны ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай’’ 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу “Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн материалыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар хүлээн авч байна.