2024 оны 4 сар 23, Мягмар
Breaking News

АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН
Булган 2018.08.27
Аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлвэрлэгчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Мерси Кор” ОУБ, Улаан загалмай ОУБ, ХААН банк, Төрийн банк, Монгол, МИГ, Практикал даатгалтай хамтран 2019 оны 08 дугаар сарын 26, 27-ний өдрүүдэд аймгийн “МАЛДЧЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг “МАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, БЭЛЧЭЭРЭЭ ХАЙРЛАЯ” уриан дор амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд аймаг, сумын удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөл 389 хүн оролцлоо.
Зөвлөгөөний зорилго нь: “Малын чанарыг сайжруулж, бэлчээрээ хайрлая” уриан дор малчдын санал бодлыг сонсох, мэдлэг олгох, нэг нэгнээс туршлага солилцох, ярилцах, бүгдээрээ хэлэлцэж хамтран хэрэгжүүлэх зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.
Энэхүү зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга З.Батзориг зөвлөгөөнийг нээж үг хэлж, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий “Аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Доктор (Ph.D) Г.Сувдаа “ Мал аж ахуйн салбарын бодлого эрх зүй, малын үржлийн ажлын чиглэл зорилт”, УИХ-ын гишүүний зөвлөх М.Ариунболд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн илгээлт болон “Шинэ хөдөө-Булган” төслийн танилцуулга мэдээлэл сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн Ардын судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, Доктор С.Дамбий “Хүн, байгалийн хүйн холбоо” сэдэвт лекц уншиж, аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мерси Кор олон улсын байгууллага, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлвэрлэгчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монгол, МИГ, Практикал даатгалын газрууд мэдээлэл хийж, хамтран ажиллаа.
Зөвлөгөөнөөс малчид хамтран хэлэлцэж нийт малчдад хандаж цаашид мөрдлөг болгох үүднээс Зөвлөмж гаргалаа.
Зөвлөмж
“Малын чанарыг сайжруулж, бэлчээрээ хайрлая” уриан дор
зохион байгуулж байгаа аймгийн малчдын зөвлөгөөнд оролцогсод
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр санал нэгдэж дэмжив.
Монгол орны мал аж ахуйн оршин тогтнох үндэс болсон бэлчээр нь уур амьсгалын өөрчлөлт хур тундасны хэмжээ, ган гачиг, зохисгүй ашиглалт зэрэг байгалийн эрсдэл болон малын тооны хэт өсөлт, хүний хүчин зүйлийн улмаас доройтон, бүтээмж нь буурсаар байна.
Мөн малын чанарыг сайжруулах ажлыг цаг хугацааны эргэлтээр хувьсан өөрчлөгдөж байгаа дотоод, гадаадын хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн тасралтгүй явуулж байх нь зах зээлийн шалгуур үзүүлэлт юм.
Өөрийн өсгөн үржүүлж байгаа малынхаа ашиг шимийг тооцохдоо үүлдэр болж батлагдаж байх үеийн ашиг шимийн үзүүлэлтэд харьцуулан үзэж, тэр жишигт тогтоон барьж хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот зах зээлд чиглэсэн үржлийн ажлыг цэгцтэй, шинжлэх ухаанчаар тасралтгүй сайжруулах шаардлагатай байна.
Иймд бэлчээрийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, талхлагдаж доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, даац ачааллыг зохицуулах, усан хангамжийг сайжруулах зэргээр энэхүү нөөц баялгийг үр ашигтай, зөв зохистой ашиглахын зэрэгцээ малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах нь өнөөгийн тулгамдсан зорилт болж байна.
Аймгийн нийт малчдад хандаж малчдын зөвлөгөөнд оролцогсод дараахь зөвлөмжийг гаргаж байна.

1. Бэлчээрийн даацад тохирсон ашиг шим арвинтай малыг сонгон үржүүлж,сүргийн зохистой бүтэц бий болгож,хээлтэгчийн хувийн жинг нэмэгдүүлж,бүтээгдэхүүний гарц,чанарыг сайжруулахын төлөө ажиллах;
2. Мал сүргээ мал эмнэлэг, үржлийн арга хэмжээнд технологийн хугацаанд бүрэн хамруулж, халдварт өвчний голомтыг арилгаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр, үндэсний үйлдвэрээ чанартай түүхий эд, бүтээгдэхүүнээр хангах;
3. Үржлийн малд хийгдэх үзлэг ангилалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг үржлийн аж ахуй нэгж байгуулах ажлыг сумандаа зохион байгуулж, дэмжиж ажиллах, эдгээр аж ахуй нэгжүүд нь сумынхаа баг бүрт цөм сүрэг бүрдүүлэн баталгаажуулах, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироо, сүргийн бүтцийг хэвийн хэмжээнд хүргэж, удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтлөн, бүртгэл мэдээллийн санд төвлөрүүлэн баг, сум, аймаг хооронд мэдээлэл солилцож, үржлийн малын зах зээл бий болгох нөхцлийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах;
4. Малын тоог өсгөснөөр ашиг олох биш бэлчээрийн нөөцөд тохируулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг шим, чанарыг сайжруулж, илүү их үр шимийг хүртэх;
5. Малчин бүр малын шилжилт хөдөлгөөн хийхэд мэргэжлийн байгууллагад хандаж, гаргасан сэрэмжлүүлэг, тавьсан шаардлага,өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна малын эмийн зохисгүй хэрэглээг халж, малын эмч өвчний оношийг баталгаажуулсан нөхцөлд жорын дагуу эмчилгээ сувилгаа хийлгэх;
6. Бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тохируулан хуваарьтайгаар зохистой ашиглах, хөрөнгө, хүч зарж хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглүүлэх;
7. Бэлчээрийг зөвхөн малын бэлэн тэжээл гэж харж, ашиглалтын менежментийг орхигдуулж ирсэн алдааг залруулж, сум, багийн бэлчээрийн төлөв байдал, чанарыг сайжруулах;
8. Бэлчээрийн хэвийн төлөв байдлыг хадгалахын тулд нэг талаас бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулах арга технологи хэрэглэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, атаршсан талбайд нэг болон олон наст тэжээлийн ургамал тариалах замаар бэлчээрийн ачааллыг багасгах;
9. Усан хангамжийн эх үүсвэр, бэлчээрийн төлөв байдал, нөөцийг харгалзан бэлчээр ашиглалтын хэсэг, бүлэг бий болоход дэмжлэг үзүүлж, бэлчээрийг өнжөөж амраах, сэлгэж ашиглах дадал зуршлыг малчдад эзэмшүүлэх;
10. Бэлчээрийн хамтын удирдлагын төлөвлөгөөг боловсруулж, багийн иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батламжилж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих;
11. Ашигт малтмал, байгалийн баялаг олборлох явцад бэлчээр их хэмжээгээр сүйтгэн доройтуулж байгааг хязгаарлах;
12. Аймаг дотор болон аймаг хоорондын бэлчээрийн ашиглалт, даацыг зохицуулах асуудалтай холбогдуулж шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;
13. Бэлчээрийн чиглэлийн судалгаа,шинжилгээний болон төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, туршилт,судалгааны ажлыг өргөжүүлэх;
14. Өвөлжөө-хаваржааны бэлчээрийг хамгаалж, нарийн хуваарьтай ашиглах, зун-намрын бэлчээрийг өнжөөж, сэлгэн ашиглах;
15. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалт арга барилаа боловсронгуй болгох, дэвшилт технологи нэвтрүүлэх;
Бэлчээрийн сайнаар мал таргалдаг гэдэг. Бэлчээрийг сайн байлгах гэдэг нь талхлагдахаас хамгаалах гэсэн санаа. Үүний тулд малчид та бүхэн хамтран хоршиж ажиллавал үр дүн гарна. Бэлчээрээ хамгаалах нь малын тэжээлээ хамгаална гэсэн үг.
Та бүхэн мэргэн оюундаа тунгаан бодож, бэлчээрээ хайрлан хамгаалцгаая.
Малчин түмэн маань дүүрэн билэгтэй.
Түвшин жаргалтай байх болтугай.
Зөвлөгөөнд оролцогсод

About admin

Check Also

МОНГОЛ БАНК: Муу зээлийн ангилалтай зээлдэгч иргэн, ААН-ийг ХАР ЖАГСААЛТ-аас хаслаа.

.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.