Аймгийн хэмжээнд 16 сум 1 тосгоны 75 багийн 11,4 мянган малчин, мал бүхий өрхөд 3.0 сая толгой мал өвөлжинө
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 20-ны “Мал аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын “Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах нэгдсэн төлөвлөгөө батлах тухай” 2024 оны А/545 дүгээр захирамжийг сумдад хүргүүлэн, хадлан, тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, малдаа хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэж сумын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдын хувийн бэлтгэлийг сайтар хангуулах чиглэл хүргүүлэн ажиллалаа.
2024-2025 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 11.4 мянган малчин, мал бүхий өрхөд 3.0 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна.
Нийт 1433.2 мянган төллөвөл зохих хээлтэгчийн 57.1 хувь буюу 818.5 мянган толгой эх мал төллөж, гарсан төлийн 85.1 хувь буюу 687.7 мянган толгой төл бойжсон байна.
Хадлан, тэжээл бэлтгэх ажлын талаар :
Аймгийн хэмжээнд 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.6 мянган тн ногоон тэжээл, 4.3 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 12.6 мянган тн давс хужир, шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж, сумдад хүргүүлсэн.
Хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд 174 дугуйт трактор, 84 трактор хадуур, трактор 63 тармуур, 67 хаман боогч, 1501 гар хадуур, 1244 бага оврын трактор хадуур, 4704 хүн ажиллалаа.
Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 100 тн өвс, 40 тн тэжээл, сум бүр 40 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэж нөөцлөх даалагавартай.
Малчдын түвшинд 128.9 мянган тн өвс, 17.7 мянган тн ногоон тэжээл, 2.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 2.4 мянган тн гар тэжээл, 1.1 мянган тн сүрэл, 0,6 тн дарш, ногооны хаягдал, 10.6 мянган тн давс, хужир шүү тус тус бэлтгэсэн байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 202.5 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 709.0 тн өвс, 323.5 тн тэжээл бэлтгэсэн.
Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100%, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 75.6%, аймгийн дүнгээр 87.8%-иар хангаж байна.
Худаг уст цэг, хашаа хорооны бэлэн байдал :
Аймгийн хэмжээнд бэлчээрт ашиглахад бэлэн инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг 1193 байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 4, орон нутгийн хөрөнгөөр 13 гаргахаас 7 худаг нь гарсан байна.
Аймгийн хэмжээнд 12.2 мянган бод, бог малын хашаа ашиглахад бэлэн байгаа бөгөөд шинээр бодын 67, богийн 116 хашаа баригдаж, өтөг бууц нөөцлөх болон дулаалгын ажил хийгдсэн байна.
Отор нүүдлийн талаар:
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
46 % – Бэлчээрийн нөөцтэй
21 % – Бэлчээр хүрэлцээтэй
26 % – Даац 1-3 дахин хэтэрсэн
2 % – Даац 3-5 дахин хэтэрсэн
5 % – Даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Сумын дүнгээр авч үзвэл Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.
Өөр аймгийн нутагт 38 малчин өрхийн 15.1 мянга, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 411 малчин өрхийн 81.0 мянга, хилийн зурвас бүс нутагт 34 малчин өрхийн 1.3 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 133 малчин өрхийн 86.7 мянга, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 14 малчин өрхийн 5.2 мянга, нийт 630 малчин өрхийн 190.0 мянган мал отроор өвөлжих судалгаа гараад байна.
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 8 ажлын хэсэг Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хүлээж авах ажлаар сумдад ажиллалаа.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж үзэхэд аймгийн дүнгээр 89.1 хувиар хангаад байна.
Малчдын өвс, тэжээл бэлтгэл 89.3 %, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 87.8 %, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 75.6%, худгийн бэлэн байдал 91.8%, малын усан хангамж 93.8%, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94.9%, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.9% -тай тус тус хангалаа.