Нүүр / Мэдээ, мэдээлэл / Цаг үе мэдээ / Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна

Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна

Гахайн африкийн мялзан өвчин Монгол Улсад бүртгэгдсэн тул холбогдох мэргэжлийн байгууллага болон гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хандан Мал эмнэлгийн ерөнхий газраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:  

  • Халдвар импортоор оруулж ирсэн гахайн түүхий бүтээгдэхүүнээс гаралтай байж болох магадлалтай тул гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүний импортыг хязгаарлах шийдвэр гаргах
  • Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хоолны газар, үйлчилгээний төвүүдийн хоолны хаягдал, үлдэгдлээр гахайгаа тэжээхгүй байх талаар зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх
  • Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдийн гахайн байр, орчинд механик болон халдваргүйтгэлийг мал эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийлгэх ажлыг зохион байгуулах
  • Харьяалах аймаг, сумын худалдааны төв, хоолны газар, үйлчилгээний төвүүдэд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх тухай шийдвэрийг тухайн Засаг захиргааны удирдлагаар гаргуулж, энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  • Уг өвчний тохиолдол бүртгэгдсэн даруйд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх түр заавар”-ын тэмцэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх
  • Тухайн өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, сумын нутагт хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа үед гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас мэргэжлийн зөвлөмж хүргүүлж ажиллах, гаднаас халдвар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
  • Уг өвчний халдварт өртөөгүй аймгийн мал эмнэлгийн байгууллага нь харьяалах Засаг захиргааны байгууллагад мэргэжлийн зөвлөмж хүргүүлж, бусад аймаг, сумаас гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүнийг оруулахгүй байх шийдвэрийг гаргуулах

ГАХАЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:

  • Гахай нь хоол тэжээлийн дуршил буурах, дагжин чичрэх, чацга алдах, ноомойрох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтын дагуу 12 цагийн дотор харьяалах мал эмнэлгийн тасаг, мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмчид дуудлага өгөх
  • Гахайн худалдаа, арилжаа, солилцоог бусад аж ахуйн нэгжтэй хийхгүй байх
  • Гахайн аж ахуй нэгж эрхлэгч байгууллага, иргэд нь өөрийн гэр оронд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг өдөр тутам хийлгэх
  • Тухайн аж ахуйн нэгж, хашаа, хороо, гэр оронд орох үүдний хэсэгт халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн гишгүүр тавих, ариутгалын хуурай бодис асгах, хаалганы бариулыг халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн материалаар арчих, бүрэх зэргээр халдварт өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах
  • Баталгаагүй эх үүсвэрээс гахайн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байх
  • Өөрийн эзэмшлийн гахайг хашаанаас гаргахгүй байх, бусдын гахайтай нийлүүлэхгүй байх, тодорхой хугацаанд байнгын хариулга, маллагаанд байлгах
  • Өөрийн эзэмшлийн гахай маллаж буй хашаа, хороо зэрэгт шаардлагагүй бол гаднаас хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх
  • Өвчлөл гараагүй аймаг, бүс нутгийн аж ахуй эрхлэгч, иргэд нь мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор гахай нядлах, хэрэгцээлэх

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Check Also

2019 онд Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран ажиллах гэрээ байгуулав

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.